Дүүрэн, хоосон, дундуур

@Jar of Love
3 min readApr 21, 2023

--

Саяхан “The Little book of Zen”-ыг уншиж байхад нэгэн залуу буддын сургаалтаныг багшаа болгож их ухаанаас нь суралцах хүсэлтэйгээ хэлэхэд хувилгаан хариуд нь :

<Хүн аливааг сурах, ойлгох, өөртөө нэмэх бүртээ идээд дууссаныхаа дараа аягаа угаадаг шиг дотоод сэтгэлээ, тархиа ч бас угааж цэвэрлэж хоосон хир буртаггүй болгох хэрэгтэй. Хэрвээ чи надаас суралцахыг хүсвэл “бодол, сэтгэлээ хоосло”-чихоод ир гэж хэлдэг>.

Эргэн тойрны хайртай хүмүүсээ “миний хүн” гээд өмчилж, хангалттай ихээр хайрлавал өөр хаанаас ч хайр эрж хайхгүй болно гэж итгэдэг байлаа. Ингэж явсаар нэг л өдөр би их дотогшоогоо, юу ч хиймээргүй, хэнд ч юу ч зориулмааргүйгээр энергитээ их харам болчихсон юм. Хуучин шигээ байж чадахгүй байгаадаа бухимдаж, өөрийгөө яачихаад байгааг ойлгохгүй, сэтгэл гутралд орж (хөнгөн хэлбэрийн), дотоод нуувчиндаа орж хэсэг хугацаанд зөвхөн өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох гэж зүгээр л оршсон. Тэр үедээ ямар асуудалтай байгаагаа мэдэхгүй , яг ингээд байна гээд хэлчихэж чадахгүй явсаар ,санаандгүйгээр онлайнаар сэтгэл зүйчтэй уулзах 4 удаагийн эрх олж авсан юм. Сэтгэл зүйчдээ ямар ч асуудалгүй, эрүүл гэдгээ батлах гэж амьдралынхаа талаар , харилцаа, бага нас гэр бүлээ ярьж байхдаа “people pleasing, over giver” гэдэг хоёр ойлголтоор намайг тодорхойлсон түүнд туниж, бухимдаж, шударга биш байна гэж гомдоллон найздаа хэлэв. Түүний хариуд найз маань: чамайг өдийг хүртэл хийдэг бүхнээ (бүх асуудлыг нь өөрийн юм шиг шийдэх гэж, жижиг детайл болгоныг анхаарч, аялал баяр тэмдэглэлт өдөр бүрийг урьдчилан төлөвлөж, бэлэг бэлдэж, гаргаж болох бүх л санаачлага, тусламж ) гаргахгүй байсан ч чамайг болохоор хайрлана. Хэдий өдийг хүртэл хийсэн бүхэнд чинь талархаж, суралцахыг хүсэж, баярладаг ч, “үнэ цэн нь тэрийг бий болгож буй сэтгэлд чинь, өөрт чинь байгаа болохоос хийдэг зүйлсэд чинь биш” гэж хэлэхэд сэтгэл зүйчийн хэлсэн бүхэн утга учиртай болж эхэлсэн юм. Сайн дураараа бүхнийг хийгч болж, өөрийнхөө үнэ цэнийг гаргадаг сэтгэлээрээ хэмждэг хүн. Энэ л хувилбараар нь ухаан орсон цагаасаа хойш амьдарчээ.

Яг ингэж олон жил найз нөхөд, хайртай хүн гээд өөрийн гэж итгэсэн бүхэндээ , өөртөө ч тайван амьсгалах ч зай өгөхгүй байснаараа өөртөө татаж үлдээх биш, харин ч өөрөөсөө холдуулах шалтгаан болсон. Яагаад ? Хүний сэтгэл гэдэг яг бидний бие шиг, залуу насанд хайр гамгүй , нойр хоолгүй явж, буруу эдэлсэн бол нас ахих тусам гундаж доройтож эцэстээ анх байсан шигээ ажиллагаагүй болдог. Бидний зүрх (love tank) ч бас байнга анхаарч, байнга тордохгүй бол хатаж хорчийж эсвэл бүр дуусч болдог зүйл.

Магадгүй үргэлж сайн хүү/охин байж, амжилт гаргаж, асууж шаардаагүй байхад нь санаачлагаараа хийсэн зүйлдээ магтуулж, мундаг байвал л хайрлуулах эрхтэй гэж мэдрэмж авч өссөнөөс тийм итгэл үнэмшилийг өөртөө суулгасан байх. Том болоод ч яг тэр бусдыг халамжилж байж хайрлуулна гэдэг багын итгэл үнэмшлээрээ хайрласан. Харин намайг хичээхгүй байхад, мундаг биш байсан ч хэн нэгэнд зүгээр л оршиж байхдаа ч хайрлагдах шалтгаан нь байж, бүр ямар ч шалтгаангүйгээр ч намайг хайрлаж болно гэдгийг мэдээгүйгээсээ болж өөрийгөө танихгүй болтлоо явсан байж. Хэн нэгэнд өөртөө байснаасаа илүүг зориулснаасаа болж хайрын бортого нь урам хугаралтаар дүүрсэн, сав нь хоосорсон. Ингэж л юу ч үлдэхгүй болтол нь угааж хоослож байж нэг юм өөрийгөө хэн болохыг , юу хүртэх эрхтэйгээ ойлгож дээ. Эргээд харахад хайрладаг хүмүүс маань надаас нөхцөлгүй хайр (unconditional love)-ыг биш ,харин дааж давахгүй их сэтгэлтэй дагаж ирэх тэр дарамтыг мэдэрдэг байсан гэж яаж мэдэх билээ дээ.

Идсэн бол угаа, асгасан бол арч гэж дүү нартаа хэлдэг энгийн дүрмийг одоо өөртөө хэлж хоосныг дундруулж, түүнийг юугаар бас хэрхэн дүүргэх ёстойгоо ухаарсан нь “wash after & empty your mind” гэдгийг өөртөө хэлж сурсан түүх юм. Нөхцөлгүйгээр хайрлах гэдэг хичээлийг хүлээж авах гэж хэдий хэдэн жилийг зарцуулсан ч түүнийг ухаарахад хэзээ ч оройтдоггүй нь шагнал нь байх даа🫠

2023.04.21

Yours truly,

@Jar of Love

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love