Жаргалтай харамсал

@Jar of Love
3 min readApr 24, 2023

--

Асар их цаг хугацаа,бодролыг зарцуулсан ч өөр үр дагавар авчрах боломжгүй дээр нэмээд одоо цагтаа амьдрах хором мөчөөс хумсалдаг харамсал гэх энэ сөрөг мэдрэмжинд ч гэсэн аз жаргал орших боломжтой юу?

Брене Брауны “Сэтгэлийн Атлас”-д харамслыг өнгөрснөө дүгнэх, өөрчлөгдөх болон өсөн дэвших шаардлагатай байгааг сануулдаг хамгийн хүчтэй эмоцийн нэгээр тодотгосон байдаг. Учир нь ихэнх үед бид аливаа нэг үйлдлийг хийсэндээ биш хийгээгүйдээ илүү харамсах нь олон. Тийм ч учраас өнгөрсөнд хийсэн зүйлсдээ харамсахдаа , тэр дундаас дахин хийхгүй байх үйлдлийг дүгнэн амтлалт өөртэйгээ хийх нь харамслаас авч болох бэлэг нь.

SEA->IST Turkish Airline March 4, 2023

<Feeling regret is not about not accepting what cannot be changed, it’s about accepting what can.> Brene Brown — Dare to Lead

Өнгөрсөн бичвэрт үргэлжлүүлэхээр амласан дахиж хэзээ ч очихгүй газар маань “хичээл зүтгэлийг маань үнэлэдэггүй, хайрлагдахад хангалттай байх гэдэг шалтгаан шаарддаг,алдааг минь биш хувь хүний үнэ цэнийг маань шүүмжилдэг” харилцаанд үлдэхгүй байх юм.

Хайрлах, хайрлаглах гэдэг ур чадварыг эзэмшээгүй байхад эхэлсэн анхны романтик харилцаа, хүндлэл, эмпати (бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох, сонсох )болон итгэл гэдгийг хамгийн чухал хайрын хэл гэдгийг ойлгоогүй байхдаа өргөмжилсөн нөхөрлөл минь дахиж хэзээ ч зүглэхгүй шүү гэх энэ амлалтыг өөртөө өгөх шалтгаан болсон юм.

Өөрийнх нь хайрын хэлээр ярьж, алдаа болгоныг уучилж, хүссэн бүхнийг нь хариу нэхэлгүй өгч өөрийнхөө хайрын бортогыг дундруулах бүртээ одоо л би хайр гэдэг тэр зүйлийг түүнийхээ харцнаас нь харахад “хангалттай” болсон болов уу ? Энэ хүртэл тэвчиж, уучилж, сэтгэл гаргасан юм чинь одоо л хайлагдах болов уу? Хайртай шүү гэж хэлэхдээ буцаад хэлэх болов уу, харцнаас нь хайр нь мэдрэгдэх болов уу, хамтдаа байгаа хэрнээ хажууд байхгүй юм шиг ганцаардаад хэвтэхэд нүдэнд минь хурсан гунигийг олж харж чадах болов уу ? Ингэж олгосон боломж бүрийн ард цээж хөндүүр оргиулам харлах урам хугаралтууд л ирнэ. Тэр бүхнийг тээх бяцхан зүрхэндээ дахиад жаахан л тэсээрэй, удахгүй чи хангалттай болно оо гэж итгүүлдэг байснаас болж хайрын бортого дахь жижигхэн цоорхойгоо анзааралгүй явсаар асгарч дууссан байх.

Хэдий хоосолж байж нэг юм ойлгосон ч , хайрлагдахад хангалттай болсон болов уу гэдэг асуултын хариултыг хүлээхдээ айдастайгаар өнгөрөөсөн хором мөч бүртээ би жаргалтайгаар харамсдаг. Яагаад жаргалтайгаар харамсдаг гэж үү ? Яагаад гэвэл тэр хором мөчүүд л надад хүн хэзээ ч хэн нэгний төлөө өөрчлөгддөггүй юм гэдгийг ойлгуулсан юм. Миний хайраар хэзээ ч дүүрээгүй тэр нэгэн хайрын бортого , өөр хэнийхээр ч биш , зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэл, хангалттай байдлаар дүүрч байж өөр нэг бортоготой учирхад хоослох биш дүүргэж чадна. Дахиж хэзээ ч очихгүй гэж шийдсэн тэр газарт дахин хөл тавих тохиол гарав ч энэ удаа цоорвол нөхөж, асгарвал зогсоож, хоосрохоос нь өмнө орхиж болдог гэдгийг мэддэг болсон учраас харамсах зүйл ч үлдээгүй байх.

Бусдын өөрт чинь хийсэн, хэлсэн, одоо өөрчлөх боломжгүй бас биднийг өвтгөдөг тэр үгс,нөхцөл байдал болон мэдрэмжиндээ салах ёс хийж чадвал цаашид хийж болох зүйлсэд шинэ хаалгыг нээж өгдөг. Хүнд ямар ч хэрэггүй гэх энэ сөрөг мэдрэмжтэй зууралдаж байгаа өөрийгөө зэмлэж, шаналан өнгөрсөнд үлдээсэн хүн, харилцаа, хийсэн болон хийгээгүй үйлдэлд одоогийн сэтгэл санааг чинь зовоох, нөлөөлөх хүчийг өгөхийг оронд энэ бүхэнтэй зоригтойгоор нүүр тулан урагшлаад жаргалтай харууслыг олж цааш алхаарай.

2023.04.23

Yours truly,

@Jar of Love

--

--

@Jar of Love

Shares her unfiltered thoughts and stories from exploring life through the lens of @a.jar.of.love